Монголын түүх хичээл


Энэ хуудсанд зочлон орж ирсэн эрхэм анд таньд баярлалаа.
       Энэ хуудас зөвхөн Монголын түүх гэдэг хичээлийн тухай бус Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүх оюутаны дундах танхимд 90 минутын турш өрнөсөн үзэл бодлын уур амьсгалын үргэлжлэл Цахим орон зай байх юм. Оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн энэ танхимыг ашиглан үзэл бодлоо илэрхийлж байгаарай     

ШУТИС-д Монголын түүхийн хичээл заана гэдэг “Тоонд дунд цохиж яваа үсэг” мэт санагддаг хүмүүс цөөнгүй байдаг. SS-102 гэдэг энэ хичээлийг та ганцхан улирал үзэхдээ хэдэн зуун мянган жилийн түүхийг “ангасан хүний балга ус шиг” амтлаад өнгөрүүлэх нь харамсалтай. Гэхдээ цаашдаа “Монголын түүх”-ийг өөр өнцгөөс харж амтархан уншиж, сэтгэл хөдлөн бахархах Эх орончийн сэтгэл ханамжийг бага, дунд, их дээд сургуулуудийн түүхийн багш нар таньд өгч чадаж байгаа болов уу? Бид цөөхөн монголчууд атлаа Эх түүхээ үзэхээс яагаад зугатаадаг, Эх түүхээ оруулахаас яагаад цааргалдаг билээ? SS-102-ыг одоогоор албадан сонгосон та бүхэн энэ улиралд миний хичээлд сууснаар 48 цаг буюу ердөө 2-хон хоногийн хугацаанд зөвхөн монголын түүхийг үзэх төдийгүй яаж уншиж сурах уу? яаж бичиж сурах уу? хэрхэн оновчтой асуултыг зөв тавих вэ? гэдэг энгийн атлаа эдрээтэй зүйлийг хамт сурж Музейнуудээр аялал хийж, угийн бичигээ сэргээж, эссе бичих гээд олон төлөвлөсөн ажлыг эрхэм та хийх ёстой. Энэ бүхэн чинь чамд миний дүнгээр үнэлэгдэж дүнгийн хүснэгт дээр чинь үлдэх ч дүнгээр дүгнэж болохгүй үзэл бодол, хүсэл эрмэлзлэлийг тань өдөөхөд дөхөм болсон бол миний та нараас авах дүн нь энэ байгаасай гэж багш нар туйлаас хүсдэг юм шүү. Тиймээс та бүхэн 3 сарын турш 2-хон хоногийн хугацаатай энэ аялалд чин сэтгэлээсээ хамт аялаж чадваас “Тоонд дунд цохиж яваа үсэг”-ний мөн чанар сая биелэлээ олох байхаа. Ингэснээрээ түүх үзэхийн мөн чанарыг ойлгож түүхэн мэдлэгийг хэрэглэснээрээ бид бүхэн өөрийн гэсэн орон зайг бий болгож бусдад өөрийн үнэ цэнэ, нэр хүндээ илэрхийлэх боломжтой болно гэж ойлгож байна Та бүхэнд амжилт хүсъе.