Дээд»Монголын түүх»Семинар-6»

Семинар-6


Хамаг Монгол Улс

 

 XII зууны эхэн хагаст гурван голын сав газраар төвөлсөн Хамаг монгол хэмээх монгол туургатны гол улс байгуулагдсан нь түүхнээ нэгэнт тодорхой болсон бөлгөө. Дотоод гадаадын эрдэмтэд Хамаг монголыг ихэд сонирхон судалж, янз бүрийн дүгнэлт таамаглал хийж, нэгдсэн ойлголт олоогүй боловч ямар ч гэсэн гурван голын сав газарт Хамаг монгол хэмээх улс оршин тогтнож, жилээс жилд хүчирхэгжин хөгжсөөр Зүрчидийн Алтан улстай эн сацуу болсон гэдгийг олонхидоо хүлээн зөвшөөрдөг ажээ. “Монголын нууц товчоо”-ны § 62-т “Хамаг монголыг Хабул хаан мэдэн авав”2 гэж бичсэн буй. Хамаг монгол улс гэдгийг хятадын судар түүхэнд “Да Мэнгу” (Их монгол) гэж тэмдэглэсэн байх бөгөөд харин Тайваны монголч эрдэмтэн агсан Хагаанчулуу “Да Мэнгу” гэдгийг “Олонхийн гол улс” гэж орчуулжээ. Хамаг монголын гол цогцос болох гурван голын монгол аймгийн холбооны тухай өмнөх зүйлд нэгэнт товчхон өгүүлсэн билээ. Хамаг монгол улсын тухай дурдахын тул тэр улсыг үндэслэн байгуулсан Хабул хааны тухай өгүүлэх нь зүйд нийцэх болно. Хабул хаан бол Батцагаан (Батчахан)-ы 19-р ач мөн бөгөөд Боданчарын наймдугаар үе, Боржигин овгийн хүн болно. “Монголын нууц товчоо”-г үндэслэвэл Тумбинай Сэцэн хоёр хөвгүүнтэй бөгөөд ахмад нь Хабул, хоёрдугаар нь Сэмсэчүлэ юм3. Хабул хааны гарлын талаар янз бүрийн таамагласан мэдээнүүд байдаг. Хамаг монгол улс чухам хэдэн онд жинхэнэ ёсоор байгуулагдсан нь бас л тодорхойгүй. Судалгаанаас үзвэл 1130 онд Хабул нь гол гурван аймгийн ихэс ноёдын хуралдайгаар Хамаг монголын хаанд өргөмжлөгдсөн байна. Гэтэл Алтан улсын сударт “Хуан Тун”-гийн долдугаар онд Хабул өөрийгөө “Цзун юаны хуанди” (“Цзун юаны хаан”) хэмээн өргөмжилж оны цолоо “Тянь син” (“Тэнгэрээс мандсан”) гэв хэмээн бичжээ. Тэрхүү “Хуан Тун”-гийн долдугаар он гэдэг нь аргын тооллын 1147 он юм. Хэрэв энэ мэдээ үнэн бол язгуур монголын цэрэг Алтан улстай байлдаж ялан дийлсний дараа Алтан улс арга буюу Хабулыг Хамаг монголын хаан хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч түүх судартаа нэхэн оруулсныг хэлж буй бололтой. Хабул хаан өөрийгөө Цзюн юан хаан гэж нэрлэсэн биш. Алтан улсын хаанаас хятадын ёсыг дууриан зохиомлоор өгсөн цол биз ээ. Ямар ч гэсэн дан монгол туургатныг эгнээндээ нэгтгэсэн Хамаг монгол улс тийнхүү байгуулагдсан ажээ. Ингэж монгол туургатны дотор “Цагаан ясны хаан” гэж нэрлэгдэх болсон алтан ургийн хаадын эхлэл бий болж суурь нь нэгэнт тавигджээ. Хамаг монгол улсын нутаг дэвсгэр нь Байгал нуураас нааш, Хангайн нурууны хоёр тал, Орхон гол, Онон мөрөн, Туул гол, Халх голын хоёр хөвөө, Хөлөн нуур, Буйр нуур, Бурхан Халдун уулыг хамарсан байжээ. Чухам ингэж төрийн хаантай, төрийн хуралдайтай Хамаг монгол улс байгуулагдсан нь цааш цаашдаа монголчууд бүгдээрээ нэгдэн нийлж, хүчирхэг монгол улс байгуулагдахын эхлэлийн суурь тавигдсан юм. Хамаг монгол улс нь дотроо төв, баруун, зүүн хэсэгт хуваагдаж, тэдгээрийг тус бүр нэгэн сурвалжтан мэдэн захирч байсан хэдий ч ерөнхийдөө Хабулын хүчтэй засаглал ноёрхсоор байжээ. Хабул хааны дотооддоо гүйцэтгэсэн гол гавъяа бол улсыг байгуулсан, ихэс дээдсийн хуралдайг хуруулан хаан сонгож, боржигины угсаа залгамжлалыг бий болгосон явдал юм. Гадааддаа бол хил залгаа орших Алтан улс, Тангуд улс, баруун Ляо улстай хөршийн сайн харилцаа барих явдал хэмээн үзэж хүчин чармайлт гаргаж байв. Гэвч энэхүү хүчин чармайлт биеллээ олоогүй ажээ. Хабул хаан нэгэн удаа Хятаны хааны элчийг ёс алдсан хэмээн цаазалсан байна. Үүнээс болж язгуурын монголд хятанчууд дургүй болсон гэж хятаны түүхэнд бичсэн үзэгдэнэ. Хабул хаан мэргид, хэрэйд, найман зэрэг аймагтайгаа зузаан холбоо тогтоож, Алтан улсын гар хөл болсон Татартай тэмцэл хийж, Зүрчидийн Алтан улсаас Монголын эсрэг явуулж агсан хөнөөлт бодлогоос улс орноо, удам угсаагаа, ард олноо сэргийлэн хамгаалах ажиллагааг тууштай хийж байжээ. Тэр бодлогоо хэрэгжүүлэхэд хятадын Өмнөд Сүн улсын хүчийг Алтан улсаас тусгаарлахыг зорьж байсан нь бас ажиглагдана. Хабул хаан Мэргид, Хэрэйдийн ханлигтай дотно харилцаа тогтоож, хүнд хэцүү мөч тулгарсан цагт бие биеэ харилцан дэмжих тохиролцоо хийсэн байжээ. Энэ нь Алтан улсыг эвсэн цохих нэгэн үзүүрт бодлого байжээ1. Хабул хаан Хамаг монгол улсыг байгуулсан тэр цагт аймгуудын хоорондын, “их гэр бүлийн” ёс тогтож, эцгийн эрхт ёсны харьцаа их болж, хааны удам нирун-хиад буюу хиад боржигин овгийн ноёрхол үзэгдэхүйц зонхилсон байжээ. Хабул хаан Хамаг монголыг хурааж, бусад монгол аймагтай холбоо тогтоож, дотоодын зөрчлийг зөөлрүүлж, нэгдлийг буй болгосны дараа Зүрчидийн Алтан улстай харилцах ажлыг янз бүрийн аргаар хийж эхэлжээ. Хабул хаан өөрийн аймгууд ба захирагдсан аймгуудын тэргүүн эзэн нь байсан тул монгол аймгууд түүнийг нэн алдаршуулан хүндэтгэдэг байсан1 хэмээн Рашид-ад-Дин бичжээ. Хятадын түүхч Ту Ци өгүүлсэн нь: “Хабул хаан бол олондоо онцгой итгэл хүндтэй тул аймаг угсаагаараа түүнийг хүндэлдэг, Сэнгүм Билэг нас барсны хойно түүний аймгуудыг Хабул удирдсан бөгөөд Хамаг монголыг захирч хаан цолыг эхлэн өргөмжилсөн”2 гэжээ. Зүрчидийн Алтан улс эхлээд Хабулыг Хамаг монголын хаан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, харъяалалдаа байлгахыг оролдсоор байлаа. Зүрчидийн Алтан улсын өмнө талд хятадын Сүн улс гэдэг хүчирхэг улс баттай тогтож, үе үе газар нутаг булаацалдан, Алтан улстай дайтаж, Алтан улсад занал учруулдаг байв. Гэтэл дээрээс нь умарт зүгт Хамаг монгол улс хаяалан гарч ирээд бас занал учруулж эхлэв. Чухам ингэж Алтан улсын эзэн хаан хоёр хүчтэй улсын дунд хавчуулагдсандаа туйлын сандарч байсан байна. Иймээс ч тэд нарийн арга ухаан сийлж, Хамаг монголын хаан Хабулыг өөртөө татаж, найрсаг харилцаа барихыг эрмэлзсэн юм. Зүрчидийн Алтан улс 1115 онд байгуулагдсан билээ. Тэр үед Хамаг монголын суурь болох гурван голын язгуур улс (монгол) байгуулагдан, гадаад харилцаа нь өргөжин, улам бүр хүчжих тийшээ явж байжээ. Хамаг монгол улс байгуулагдсан болон Хабулын хаанчлалын үетэй Алтан улсын эхний гурван хаан их холбоотой юм. Энэ нь Тайцзу буюу Баян Агуда (1115-1123), Тайцзун буюу Баян Үжимэй (1123-1135), Жаоцзун буюу Баян Тан (1136-1148) нарын гурван эзэн хаан юм. Өөрөөр хэлбэл, “монголын эсрэг цэргээр довтлон цохих”, “монголчуудыг монголоор нь цохиулах”, “идэрчүүдийг хороох”, “ихэс дээдсийг нь модон илжгэнд хадаж цаазлах”, “Хамаг монгол улсыг улс гэж, хааныг нь хаан гэж үл хүлээн зөвшөөрөх” зэрэг бодлого явуулж байсан хаад юм. Харин Алтан улсын хоёрдугаар хаан Үжимэй Хабул хаантай аль болохоор болгоомжтой харьцахыг төрийн сайд түшмэдүүддээ зөвлөдөг байжээ. Баян Үжимэй хааны лагшин муу байсан боловч урьд тохиролцсоны дагуу Хамаг монголд элч зарж, Хабул хааныг Алтан улсад айлчлахыг урьжээ1. Энэ үе бол Тайцзуны арвангуравдугаар он буюу 1135 оны эхэн үеийн хэрэг болой. Энэхүү урилга Хабул хааны хувьд ойлгомж муутай хэдий байсан боловч урилгыг хүлээн авч айлчлахаар шийдсэн ажээ. Хабул хаан Хамаг монгол, Алтан улсын харилцаа тасрах учиргүй, найрсгаар сэргэн хөгжих ёстой гэдгээ Алтан улсын талд урьдчилан мэдэгдээд хүрэлцэн очих товоо тогтоожээ. Гэвч Хабул хаан өөрийн биеэр Алтан улсын нийслэлд хүрэлцэн очих нь аюултай гэдгийг мэдэж, урьдчилан өөрийгөө хамгаалах арга ухаан нэгэнт сийлсэн байжээ. Хабул хаан Алтан улсад айлчлахдаа үндсэн гурван зорилго агуулжээ. Үүнд: нэгд, Хамаг монгол улс сүр хүчтэй гэдгийг үзүүлж гайхуулах; хоёрт, Хамаг монгол улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өргөх; гуравт, Алтан улс, Монгол улс хоёр хөршийн ёсоор шударга харилцах гэдгээ мэдэгдэх явдал байжээ. Хабул хааныг Алтан улсын нийслэлд хүрэлцэн очиход эзэн хаан өндөр хэмжээнд биеэр хүлээн авч, төрийн дээд хэмжээний ёслол, цайллага дайллага хийсэн нь Хабул хаанд нэгийг бодогдуулсан байна. Ялангуяа хоол унданд хор хольсон байж болно гэдгийг юуны өмнө анхаараад их идэж, идсэн бүхнээ бие засах нэрээр гадаа гарч бөөлжин гаргаж, Алтан улсын хаантай хундагаа солин хатуу архи уудаг байжээ. Ийм байдлаар олон хундага архи ууж согтсон дүр үзүүлэн, өчүүхэн ч айх эмээхийн янзгүй чанга хөхөрч, Алтан улсын эзэн хааны оочийн сахлаас хүртэл барьж угзран, агсам тавьж байсан гэдэг. Энэ байдал нь Алтан улсын эзэн хааны зүүн, баруун гарын түшмэдүүдийг сандралд оруулан ихэд тэвдүүлжээ. Ордны түшмэдүүд Хабулын ёс бус үйлдэлд цээрлэл үзүүлэх нь зүйд нийцнэ гэдэг саналыг эзэн хаандаа өргөн мэдүүлжээ. Алтан улсын хааны ордны дотор үүссэн тэрхүү уур амьсгалын нөлөө Хабулын эсрэг чиглэсэн ажил явууллага илэрхий болж, нэгэнт буруу тийшээ муугаар эргэж буйг ухааран мэдэрсэн Хабул хаан хүний нутагт зөвхөн амь биеэ авч гарах арга ухаан сийлэн юуны өмнө Алтан улсын эзэн хаанаас буруугаа хүлээж уучлал гуйжээ. Алтан улсын эзэн хаан ч нэр төрөө бодож, нэгэнт урьсан зочин Хабулын мууг үзэж, Хамаг монгол улстай эвдрэлцэхийг хүссэнгүй ажээ. Хабул хаан буцахынхаа өмнө Алтан улсын эзэн хаантай дахин уулзаж, өндөр зочноор хүлээн авсанд талархсанаа илэрхийлж, хүндэтгэн мэндийн ёс гүйцэтгэв. Алтан улсын хаан ч түүнд өчүүхэн ч юм бодоогүй хиймэл дүр үзүүлэн2 замдаа сайн явахыг эрхэмлэн ерөөж, үнэт бэлэг дурсгал гардуулж, хүндэтгэлтэйгээр үдэн мордуулжээ. Алтан улсын хаан Хабул хоёрын уулзалт 1133-1135 оны хооронд болсон гэж Рашид-ад-Дин бичжээ1. Уг уулзалт 1135 онд болсон нь тодорхой байна. Хабул хааныг дөнгөж мордмогц Алтан улсын хааны ордонд яаралтай зөвлөгөөн болж, Хабул хааны айлчлалын дүнг хэлэлцэж, түүний эрэлхэг зоригтой дүр төрх, үйл ажиллагааг гайхан ярилцан янз бүрийн үнэлэлт дүгнэлт өгсний эцэст тэрээр буцаж монголдоо очоод бидний үгийг дуулахгүй, хүчээ зузаатган дайсагнах үйл ажиллагаа явуулах учир түүнийг замаас нь буцааж авч ирэн цээрлэл хүлээлгэх ёстой гэдэг дээр ихэнх түшмэд санал нэгджээ. Эзэн хаан ч түшмэдийн саналыг сонсож ёсоор болгожээ. Ингээд Хабулын араас буухиа элч давхиулан замд тосон уулзаж, Хабулыг буцаж ирэхийг эзэн хааны нэрийн өмнөөс шаарджээ. Хабул хаан гүйцэж ирсэн элчид “бидний хооронд ярилцах зөвшилцөх зүйл дууссан, бид (хааны) соёрхлоор салсан”2 гэж хэлээд, тэдний шаардлагыг үл хэрэгсэв. Хабул хаан Алтан улсын нийслэлд зочилж, эзэн хааныг нь тохуурхаж байсан тухай ардын аман домог монголчуудын дунд олон хувилбараар тархсан байдаг. Дараа нь нэг их удсангүй Алтан улсын эзэн хаан Хамаг монголд дахин тусгай элч зарж, Хабул хааныг хоёр дахь удаагаа хүрэлцэн ирж зочлохыг урьжээ. Хабул хаан Алтан улсын эзэн хааны тусгай элчийг хүлээж авч уулзахгүй бултан зайлсхийсээр байв. Нэг удаа Алтан улсын элч Хабул хааныг гэнэдүүлэн саатуулсанд, Хабул мөн тэднийг гэнэдүүлэн буурал мориндоо үсрэн мордож зугатан явсан гэдэг. Энэ хэрэг явдлаас болж, Хабул хаан Алтан улсын элчийн араас цэрэг илгээж, замд нь барьж цөмийг цаазалжээ. Үүнээс хойш Хамаг монгол, Алтан улсын харилцаа хөршийн найрамдалт харилцаа байхаа больж, дайны байдалд орсон байна. Ийнхүү Алтан улсын гуравдугаар хаан Баян Тан хаан суумагц Үжимэй хааны найртай харьцах бодлогоос татгалзаж, монголыг довтлох ажлыг ихээхэн идэвхижүүлжээ. Алтан улсын цэрэг 1135 оны сүүлчээр Хамаг монголыг гэнэдүүлэн довтолж, ихээхэн хохирол хүлээлгэн монголчуудын итгэлийг алджээ. Хабулын үед Алтан улс зэргэлдээ улс орныг бараг эзэлж, их гүрний шинжтэй болж эхэлсэн бөгөөд гагцхүү өмнө талд хятадын Сүн улс, умар зүгт монголчууд үлдээд байжээ. Тийм учраас Алтан улсын эзэн хаан умардаас учрах аюулыг юуны өмнө устгах нь зүйтэй гэж үзээд монголыг болбол эзлэн авах, эс болбол хүчийг нь сулруулж, хараат байдалд байлгах бодлого явуулжээ. Тэр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хэдэн төрлийн нарийн арга боловсруулжээ. Эдгээр нь давын өмнө хятадын Сүн улсыг Монголын эсрэг тэмцэлд холбоотон болгон ашиглах; монгол аймгуудын хооронд яс хаяж байгаад мөргөлдүүлэн дотоод хүч нэгдлийг сулруулах, энэ хэрэгтээ татарчуудыг ашиглах; төв монголыг цэргийн хүчээр довтлох зэрэг болно. Хабул хаан монголын түүхэнд их гавъяа байгуулсан улс төр, цэргийн том зүтгэлтэн байжээ. Хамаг монгол улсыг Хабул хаан байгуулаагүй бол монголчуудын нэгдэл нэн удааширч Их монгол улс байгуулагдахад ч бэрхшээл учирч болох байсан. Алунгоогийн тэнгэрийн хөвгүүдээр овоглосон Боржигин овгийг түүхийн тайзанд тэргүүлэх үүрэгтэй өргөн гаргаж, монголын хаадын залгамжлах угсаа гарлыг тогтоож, тэдгээр цагаан ясны хаадын удирдлагын дор “Олонхийн монгол улс” буюу “Хамаг монгол” улсыг тийнхүү байгуулсан нь Хабул хааны монголын түүхэнд байгуулсан хамгийн том гавъяа мөн юм. Хабул хааныг зарим түүхийн номонд “шинэчлэгч хаан”, “олноор хэлэлцэх ардчилалыг тогтоогч” гэх мэтээр бичсэн нь түүний хуралдайн журмыг тогтоож, хааныг сонгуулиар гаргадаг болсныг хэлсэн байна. Хабул хаан XII зууны тэргүүн хагаст нас барахдаа хаан ширээгээ долоон хөвгүүнийхээ нэгэнд бус тайчууд овгийн Сэнгүм Билэгийн хөвгүүн Амбагайд өгөхийг гэрээсэлсэн ажээ. Ийнхүү Хабул хаан өөрийн хөвгүүдэд бус тайчуудад төрийн эрх шилжүүлсэн учир шалтгааныг судар түүхэнд тэмдэглэсэнгүй1. Хамаг монгол улсын хоёрдугаар хаан бол тайчуудын Амбагай билээ. Хабул хаан өөрөө долоон эрэлхэг хүүтэй, тэр дундаа хоёрдугаар хөвгүүн Бартан баатар, дөрөвдүгээр хөвгүүн Хотула, зургадугаар хөвгүүн Хадаан баатар нар эцгийнхээ амьд сэрүүн ахуйд ухаан төгс, эр зоригтой эрэлхэг дайчид болохоо нэгэнт харуулсан ажээ. Гэтэл Хабул хаан нас барахдаа тайчуудын зоригт баатар Сэнгүм Билэгийн хөвгүүн Амбагайг Хамаг монголын хаан болгохыг гэрээслэн үлдээжээ. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд “Амбагайг Хамаг монголын хаан болгохоор хэлсэн”2 гэж бичжээ. Чухам ингэж хиад-боржигин ноёдын дотор угсаа залгамжлалын талаар эргэлт болох шинэ үзэгдэл бий болов. Үүний учир шалтгааныг эргэцүүлбэл, юуны өмнө, Зүрчидийн Алтан улсын зүгээс учрах аюул занал ихсэж, тэд татарчуудыг турхиран, Хамаг монголын дотор хорлон бусниулах ажиллагааг нэн идэвхижүүлж байж. Бас Хамаг монголыг довтлохоор цэргийн бэлтгэлээ зузаатгаж, татартай нийлэн “цэргийн сэргийлэх холбоо” гэгчийг байгуулсан байжээ. Ийм эгзэгтэй цаг мөчид Хамаг монголын дотоод эв нэгдлийг хамгаалахыг хамгаас урьдал болгосон байжээ. Түүнээс гадна бусад монгол ханлиг аймгуудтай “харь дайсны аюулын эсрэг” гэдэг хөрсөн дээр нэгдэн нийлж, хүч олох, ялангуяа цэрэг эрийн хүчин чадал сайтай, олон хүн амтай тайчууд аймгийг Хамаг монголын тулгуур хүч болгон ашиглах нь хамгаас чухал байсан ажээ. Хабул хаан холын ухаанаар бодож боловсруулсан тэрхүү санаа бодлогыг мэргэнээр ухаарсан Амбагай хаан суумагцаа Тайчууд аймгийг Хамаг монголын тэргүүлэх аймаг болгов. Өөрөөр хэлбэл, Амбагай хааны үед Хамаг монголын гол хүч нь тайчууд болжээ. Үүнээс болж боржигин аймгийн дотор далдуур шивэр авир яриа үүсч, Хамаг монголын гол аймгуудын дотор хагарал гарч эхэлжээ. Гэвч Амбагай хаан цөвүүн цагийн байдлыг ойлгож “бүх хүчээ зузаатган, Алтан улсаас сэргэмжлэх” гэдэг уриалгын дор төрийн гадаад бодлогыг явуулжээ. Амбагай хааны үед Хамаг монгол улс улам хүчтэй болсон нь Зүрчидийн Алтан улсын эзэн хааны сэтгэлийг ихэд түгшүүлж байсан бөгөөд тэр тухай эзэн хаан Баян Тан Хамаг монголын хүчжиж буй байдлыг сонсож мэдээд “хэт нь төр улсад минь татарчууд л (монголчууд) аюул учруулж магад боллоо” хэмээн хэлж байжээ. Ер нь XII зууны дунд үе буюу 1150 оны үе хүрч очиход Хамаг монгол, Алтан улсын харилцаа улам улам хурцадсаар эцэст нь хэн нь хэнийгээ дийлж, өш хонзон авалцах вэ гэдэг аюултай байдалд хүрчээ. Хабул хааны дараа түүний хүүхдүүд, Амбагай хааны талтай зөрчилдөж, хаан ширээ булаацалдах аяс орсныг Зүрчидийн Алтан улс олж мэдээд түүнийг тун овжин ашиглаж, гал дээр тос нэмэн, өөр хооронд нь мөргөлдүүлж, хэзээнээс боржигин овогтонтой өш өвөртөлж ирсэн татарчуудыг монголын эсрэг ашиглах нь улам ихсэв. Чухам ингэж татарчуудаар дамжуулан, Амбагай хаан болон түүний үр садыг барьж авч хороох, Татар, Хамаг монголын хооронд дайтуулж хүчийг нь сулруулах, монголтой дайтах дайны ажиллагааг чангатган, өргөн цар хүрээтэй довтолгоог үргэлжлүүлэх, олзолсон хүмүүс дотроос эрчүүдийг нь үлдээхгүй хороох, тэр ч байтугай айлд төрсөн эрэгтэй хүүхдийг хүртэл олж хороох зэрэг нэн харгис үйлдэл явуулж эхэлжээ. Энэ нь нийт монголчуудын дургүйцлийг төрүүлж, тийм эгзэгтэй мөчид монголчууд хүчээ нэгтгэж, Алтан улстай тэмцэх нь хамгаас чухал гэж үзэцгээжээ. Тэрхүү тэмцэлд замд нь тээглэх Татарын ханлиг саад тотгор болж, Хамаг монголын эсрэг Алтан улстай эвсэн хуйвалдаан байгуулсан хэвээр байв. Амбагай угаас эвдрэлцэхээс эвлэхийг илүү хичээдэг хаан байжээ. Ялангуяа монголчууд бүгдээрээ хүчээ нэгтгэсэн цагт л Алтан улсыг ялан дийлнэ. Тэгэхгүй цагт үргэлж хүч дутаж байх болно. Татарын ард иргэд ч үүнийг ойлгон дэмжих учиртай гэж тэрээр үздэг байжээ. Амбагай хааны богинохон хаанчлалын үед Хамаг монгол улсын засаг захиргааны зохион байгуулалтад зарим нэг өөрчлөлт гарав. Тухайлбал, “тайш” гэдэг голдуу цэргийн хэргийг эрхэлсэн хааны удаагийн тушаалыг бий болгожээ. Амбагайн үед улсын тайш нь түүний дунд хөвгүүн Хадаан байжээ. Амбагай хаан татарын хүчийг Алтан улсаас салган, нааш нь татах арга ухаан удаа дараа сүвэгчилсэн боловч бүтээгүй юм. Тухайлбал, Татарт элч зарж, найрамдалтай байхыг уриалан дуудаж, Алтан улсын хөнөөлт бодлогыг тайлбарлаж байж. Гэтэл Хабул хааны ахмад хүү Охинбархагийг татарчууд гэнэдүүлэн барьж аваад Алтан улсад хүргүүлснийг Алтан улсын эзэн хааны зарлигаар түүнийг модон илжгэнд хадаж цаазалжээ1. Дараа нь татарчууд Амбагай хааныг барьж, хятадын Алтан улсад хүргүүлэв2 гэж сурвалжид дурдсан байна. Зүрчидийн Алтан улсын хаан Амбагайг баригдаж ирснийг үзээд ихэд баярлаж, модон илжиг унуулан төмөр хадаасаар хад гэж зарлигджээ. Хариуд нь Амбагай хаан “Намайг чи биш, өөр хүн барьсан. Ингэж хэрцгийлэх нь нэр төрд чинь сайн юм болохгүй. Буянтай үйл огтхон ч биш болно. Цөм миний төрөл садан болон монгол аймгууд өшөө авахаар чармайна. Иймээс чиний эзэмшилд төвөг учирна”3 хэмээн өчжээ. Алтан улсын хаан түүний үгийг үл сонсон, зарлигийг ёсоор болгон цаазалжээ. Амбагай хааныг цаазлахдаа, хамгийн муухайгаар зовоон тарчлааж, аанай л нөгөө модон илжгэнд хадаж хороох гэдэг зэрлэг аргаа хэрэглэжээ. Амбагай хаан үхэхээс өмнө амжиж бэсүд овгийн Балхачи гэдэг хүнийг нууцаар эх нутаг тийш элчлэн хэлүүлсэн нь: “Хабул хааны долоон хөвгүүний дундах Хотулад, миний арван хөвгүүний дундах Хадаан тайшид чи очиж хэл. Хамгийн хаан улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл бологтун! Би татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун”4 гэжээ. Амбагай хаан бас л улсын нэгдлийг урьдал болгож, амин хувийн эрх ашгийг өчүүхэн ч үл хичээдэг хүн байсан болох нь түүний үйл ажиллагаа, гэрээс захиас зэргээс тодорхой харагдана. Амбагай хаан тухайн үед Хотулыг хаан болгохоор захисан нь түүний үр удмаа биш, улс үндсээ бодсон ухаалаг бодлогын илрэл мөн юм. Амбагай өөрийнхөө хөвгүүдийн эв нэгдэл тааруухан, хаан болох эчнээ тэмүүлэлтэйг мэдэж байжээ. Амбагайн хүүхдүүд өөр хоорондоо агнасан ангийнхаа махыг булаацалдаж байсан ч удаатай ажээ. Иймээс нэг хүн шиг эв эеийг хичээж чаддаг Хабул хааны хал үзэж, халуун чулуу долоосон хөвгүүдийн нэгэнд хаан ширээг эргүүлж өгөх нь Хамаг монголын эрх ашигт нийцнэ гэж үзжээ. Нөгөө талаар боржигин овгоос хаан ширээ залгах нь улсын нэгдэлд тустай гэдгийг тэрээр бас ухаарсан бололтой. Энэ тухай түүхэнд Хүдэй сэцэн Амбагай хааны арван хөвгүүнд хандаж өгүүлсэн тухай дурдсан нь: “Амбагай хааны арван хөвгүүд, авир зан тань муу, аху албат харцас болох та нар. Тэд, Хабул хааны долоон хөвгүүд, эе эвтэйн хүчинд хамгийн хаан, улсын эзэн болмуй за”1 гэжээ. Энэ бол Хотулаг хаан суух ёслол дээр Амбагайн хөвгүүд хэл ам гаргасантай холбогдуулан өвгөн Хүдэй сэцэн сургамжлан хэлсэн бололтой байна. Хүдэй өвгөн бол сэцэн цэлмэг үгтэй, эзэн хаандаа үнэнч, эв найртай явах сургамжийг үргэлж хэлж зөвлөдөг өтгөс буурлын нэгэн байжээ. Ийнхүү Хамаг монголын гурав дахь хаан ширээг Хотула залгамжлав. Хотулаг хаанд өргөмжлөхөд ноёдын хуралдайгаар хэлэлцсэн тухай “Нууц товчоо”-нд бичсэн нь: “Хамаг монгол, Тайчууд нар Онон мөрний Хорхунагийн хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд Хотулаг хаанд өргөмжлөв. Монголын жаргалан нь бүжиг хурим бүлгээ. Хотулаг хаан өргөмжлөхөд, Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав”2 гэжээ. Хамаг монгол, Тайчуудын ноёд хамтран хуралдаж, Хотулаг ийнхүү нэг санаагаар хаан сонгосон боловч цаагуураа тайчуудын ноёд дурамжхан байжээ. Энэ нь сүүл сүүлдээ Хадаан тайшийн үйл ажиллагаанаас тодорхой харагддаг. Ямар ч гэсэн Хотула хуралдайгаар сонгогдсон хаан болохоор нэлээд хүчтэй засаглалаар эхэлсэн шиг байдаг. Хотула хааны үед Хамаг монгол улсын бүрэлдэхүүнд дарлигин хэмээх “Өтөг боол” 16 аймаг, нирун хэмээх “алтан ураг” 16 аймаг, жалайр хэмээх “онгу боол” 10 аймаг, тайчууд хэмээх олон аймаг бүхий том холбоо болон нирун аймгаас салбарласан нирун-хиад, хиад-боржигин аймгууд багтаж байжээ. Хотула хаан суусан цагаасаа эхлэн татарыг байлдан номхотгохыг хамгийн тэргүүний зорилгоо болгон тэрээр Хадаан тайштай хамтран дайны төлөвлөгөө боловсруулахдаа татартай байлдана гэдэг нь нэг үгээр хэлбэл Алтан улстай байлдаж байгаа хэрэг гэдгийг сайн ойлгож байжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь Амбагай хааны захиасыг хэрэгжүүлсэн ажил байжээ. Тэр тухай “Нууц товчоонд”: “Хотула хаан болоод Хадаан тайштай хоёулаа татар иргэнээс өшөө авахаар мордов”1 гэж дурдсан байдаг. Хотула хаан, Хадаан тайш нар татартай харьцангуй их цэргийн хүчээр 13 удаа байлдсан боловч ялалт олоогүй мэтээр сурвалжид тэмдэглэжээ. Тухайлбал, “Монголын нууц товчоонд” уг байдлыг дүрслэн дурдсан нь “татарын Ходан Бараг, Жали буха хоёртой арван гурван удаа байлдавч, Амбагай хааны өшөөг сайтар авч эс чадав”2 хэмээжээ. Харин Хабул хааны хүү Хадаан баатар хэргийн эзэн татарын Матар Мэнэн ноёнтой нэг удаад дайлж шархдуулаад, хоёр дахь удаа Сангдан гэдэг газар дайтаж харваж алсан гэдэг мэдээ сурвалжид бичигджээ. Хамаг монгол, Татарын хооронд үргэлжилсэн 70 жилийн тэмцэл тулалдаан 1202 онд Чингис хаан татарыг бүрмөсөн байлдан дагуулснаар дуусгавар болсон билээ. Хотула хааны үед татарчуудыг байлдан эзлэхэд нэн бэрхтэй байсан нь хэд хэдэн нөхцөл шалтгаантай байжээ. Юуны өмнө Татарын ар талд Алтан улс байсан болохоор тэдэнд зэр зэвсэг, хоол хүнсний дутагдах юм гэж байсангүй. Татар, Алтан улс хоёрын нэгдсэн толгойн сэргийлэх анги, давшин байлдах анги тус тус байгуулагдсан байжээ. Нөгөө талаар Татарын ханлиг нь долоон түмэн өрх айлтай. Хамаг монголоос дутахгүй шахам морин цэргийн хүчирхэг ангитай байжээ. Дээрээс нь газар нутгийн байрлалын давуу тал буюу өөрийн нутгийн зам харгуй, шавар шалбаагийг сайн мэддэг, бас ч гэж нутаг усаа хамгаалах зориг тэвчээр гаргаж байсан зэрэг нь татарчуудын ялагдаагүйд нэмэр болсон байна. Хамаг монгол, Мэргид хоёр Амбагай хааны үеэс найртай болжээ. Мэргидийн тэргүүн Тудур билгэ нэг үедээ Амбагай хааны хүү Хадаан тайштай анд байсан байна. Гэвч тэдний харилцаа XII зууны дундаас муудаж эвдрэлцэн өөр хоорондоо дайтаж байжээ. Хотулагийн хаанчлалын үед Зүрчидийн Алтан улс зэргэлдээ улс орноо эзэлж, газар нутгаа тэлж, ихээхэн хүчирхэгжиж байжээ. Алтан улс их цэргийн хүчээр Хамаг Монголыг удаа дараа дайран цохиж хүчийг нь сулруулж, зарим үед ялагдаж байсан тухай хятад сурвалжид тэмдэглэсэн байна. Тухайлбал, 1138 оны эцсээр Алтан улсын туршлагатай хэмээгдсэн цэргийн жанжин Хушаху их цэрэг авч, монгол нутгийн гүнд цөмрөн орж байлдсан боловч 1139 оны хавар Хайлин хэмээх газарт монгол цэрэгт цохигдон, үлдэгдэл цэргээ авч буцжээ1. Хушаху цэргээ авч монгол нутгийн гүнд хэт цөмрөн орсон буюу хоол хүнс дутагдсанаас болж ялагдсан хэмээн тайлбарласныг хятад сурвалжид тэмдэглэжээ. Дараа нь 1140 онд Хушаху жанжин дахин цэрэг авч монголыг довтолсон боловч амжилт олоогүй ажээ. Түүнээс хойш Алтан улс Монголтой байлдах ажлыг зургаан жил гаруй хугацаанд бэлтгэж байгаад, 1147 онд Алтан улсын хамгийн итгэлт өрлөг жанжин Ушу гэгч их цэрэг авч монголыг дайлахаар хөдөлжээ. Энэ Ушу жанжинг багаас нь монголтой байлдах ажилд тусгайлан сургаснаас морь унах, нум сум харвахдаа чадамгай ажээ. Ушу жанжны цэргийг нутгийнхаа гүнд оруулж байгаад монголчууд угтан байлдаж, бут цохин буулгаж авчээ. Ушу жанжин тийнхүү ялагдсаныхаа дараа сэтгэлээр унан, хүндээр өвчилжээ. Алтан улсын эзэн хаан Ушугийн ялагдсанд гутарсан боловч арга буюу Бяньцзин хотын буудлын газрын бичгийн хэрэг эрхэлсэн түшмэл Сяо Бошоно-г бараа бологчийн хамт монголд илгээж, Хамаг монголын хаантай буулт хийсэн эвийн гэрээ байгуулахыг тушаажээ. Түшмэл Сяо Бошоно зарлиг ёсоор Алтан улсын тал 27 цайзыг Монголд өгөх, жил бүр монголд тэрэгний үхэр, идэшний хонь болон будаа, вандуй зэрэг бүтээгдэхүүн нийлүүлж байхаар тогтжээ. Мөн тэд Хамаг монгол улс хаантай байсан гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Хотула хааны цэрэг Алтан улсын гурван удаагийн довтолгооныг бут цохиж ялалт байгуулж байснаас үзэхэд тухайн үед Хамаг монгол улсын төр ихээхэн бэхжсэн, тэрээр Төв Азийн түүхэнд нөлөөтэй, хүчирхэг цэргийн зохион байгуулалттай улс байсныг харуулж байна. Хамаг монгол, Алтан улсын хооронд байгуулсан 1147 оны гэрээ бол Алтан улсын эзэн хааны хувьд хэдийгээр гутамшигтай үйл явдал болсон боловч монголын хувьд язгуур монголын төрийн тэргүүн, төр цэргийн түшмэл жанжин нарын мэргэн ухаан, хүч чадлыг илтгэн харуулсан чухал баримт бичиг болжээ. Нэгэн зэрэг энэхүү гэрээ нь туурга тусгай Монгол улс, Зүрчидийн Алтан улстай эн сацуу хаяалан оршиж байсныг нотлох түүхийн том нотолгоо мөн. Хамаг монгол бол нэгдсэн улсын өмнөх монгол туургатны тулгар улс мөн. Хамаг монгол улс Хотула хааны үед төв, баруун, зүүн гэж гурван хэсэгт хуваагдсан байжээ. Баруун гарыг Хотула, зүүн гарыг Аригчинэ, төв хэсгийг Хадаан тайш тус тус захирч байжээ. Тэр үед Хадаан тайш их хүчтэй байжээ. Хамаг монголд Хуралдай гэдэг зөвлөл байсан байна. Хуралдайд хаан, тайш, сэцэд зэрэг төр, цэргийн ноёд оролцож гол төлөв байлдах, найрамдах асуудал хэлэлцэнэ. Хамаг монгол улсын хаан Хотула төдий л удаан төр барьсангүй нас нөхцжээ. Нас барахдаа гурван хөвгүүнийхээ алинд ч залгамж халаагаа захиж үлдээсэнгүй. Хотула хааны дараа Есүгэй баатар Хамаг монголын “хаан” хэмээн албан ёсоор өргөмжлөгдөөгүй боловч тэрээр Хамаг монгол улсын төрийг залгамжлан барив.