Дээд»Монголын түүх»Семинар-6 Татар»

Семинар-6 Татар


Татарын ханлиг

 

 Татарчууд бол монголын өргөн уудам тал нутгаар мал маллан бас бага сага тариалан эрхлэн амьдарч байсан эртний нэгэн аймаг юм. Татарыг Дунху (Зүүн ху)-гаас гаралтай гэдэг. Татарын нутаг дэвсгэр харьцангуй уудам, хүн ам олон, аж ахуй нь сүрхий хөгжсөн байсан учир нэгэн үедээ нэлээд хүчирхэг аймаг байв. Рашид-ад-Диний “Судрын чуулган” зохиолд татарчуудыг “долоон түмэн өрхтэй” гэж бичээд “Tituqliut” гэж тэмдэглэсэн буй. Энэ нь татарын нэгэн нэртэй аймгийн нэр бололтой. 732 онд босгосон түрэгийн Культегиний хөшөөний орхон бичээсэнд татарыг “татар”, хятад бичээсэнд нь “дадан” гэж тус тус нэрлэж тэмдэглэсэн байна. Татар нарын нэр түүхэнд анх удаа тэмдэглэгдэн орсон нь чухам энэ болно. VIII зууны үеэс хойш бараг 260-аад жилийн туршид хятад сударт татарчуудыг: эрхлэх ажил, эрхэмлэх өнгө, орших зүг, аймгийн тоогоор хар тэрэгт, цагаан татар, буйругууд, алухай, айргууд болон баруун, өмнөд, зүүн татар, есөн гэх мэтээр нэрлэж байв1. X зууны эхнээс хятад сурвалжид татарыг Зу-бу аймгийн холбоо, Зу-бу улс гэж тэмдэглэсэн байна. Тухайлбал, Хятан, Алтан улс, Ляо улсын үеийн хятад сурвалжид “Зу-бу го” - (“Зу-бу улс”), “Зу-бу го да-ван фу” - (“Зу-бу улсын вангийн орд”) гэх мэтээр тэмдэглэсэн байдаг. Татарууд эрт цагаас олон аймгийг эзлэн захирч, тэдний сүр хүчин эрхэмлэгдэх байдал бусад аймгаас дээгүүр байсан учраас нөгөө аймгууд нь татар нэрийн дор явах болж байсан байна1. Энэ нь XII зууны үеэс өмнөх явдал юм. Түрэгүүд тэдгээр аймгийг огуз-татар (гучин татар), токуз-татар (есөн татар) гэж нэрлэсэн бололтой. Хэрлэн голоос урагших Алтай уулнаас зүүн тийших олон монгол, түрэг аймгуудыг заримдаа Зу-бу гэж ч ерөнхийлөн нэрлэж байсан байна. Үүнээс үзвэл шивэй, дадан, зу-бу гэдэг гурван нэрийн дор үе үед тэмдэглэгдэж явсан олон аймаг нь хамарсан газар нутаг, харъяалсан тооны талаар өөр хоорондоо нэлээд зөрүүтэй байжээ. Шивэй, дадан гэдэг ерөнхий нэрийн дор явсан аймгуудад язгуурын монголчууд оролцдог бол зу-бу гэдэг ерөнхий нэрийн доорхи аймгуудад тэд (монголчууд) оролцдоггүй байжээ2. “Монголын нууц товчоон”, “Судрын чуулган”-ы мэдээ сэлтийг түрэгийн бичээст хөшөө, хятад судар тэмдэглэлийн мэдээтэй харьцуулан үзвэл, чухам татаруудын нэрийг тоймлон мэдэж болдог байна. Гучин татар нь шивэйн олон аймгийн нэг хэсэг байжээ. Умард Шивэйн есөн аймаг нь X зууны үед Хөлөн Буйраар нутаглаж байсан есөн татартай аймгийн тоо, нутаг дэвсгэрээрээ тохирч байна. Хар тэрэгт дадан (татар) нь хар тэрэгт шивэйн удам бололтой байдаг. Ин шань уул Хараа голын хавьд байсан цагаан татар хятаны түүхэнд ганц удаа 1124 онд дурсагдаж байна3. Цагаан татарууд хожим XII зууны үед умард зүгт, Буйр орчимд шилжиж очсон ажээ. Татаруудыг эрт цагт дүрбэн, салжиуд, хатагин нартай нэгдэж Анкара гэдэг мөрний адагт нутаглаж байсан гэж түүхэнд цухас тэмдэглэсэн зүйл4 бий. XII зууны үед татарууд хэдэн том аймагт хуваагдаж байжээ. Рашид-ад-Диний зохиолд баркуй татар, камаши татар, ниучи татар, терат (тариат) татар, тутукулиут татар, куйн (ойн) татар, цаган татар, алчи татар хэмээх 8 аймаг татар байв гэж гардаг. “Монголын нууц товчоо”-нд цагаан татар, алчи татар, дутаут татар, алухай татар, айуриут, буйруут гэж 6 татарын нэр гардаг байна5. Дээрх хоёр заалтыг нягталбал, 4 татарын нэр давхардах боловч 10 татарын нэрийг ялган мэдэж болно. Тэр 10 татарын доторхи цагаан татар нь эрт цагт есөн татарын тоонд ордоггүй байжээ. Тийм учраас есөн татар гэдэг байжээ. XII зууны эцэс болоход татараас цагаан, алчи, дутаут, алухай дөрвөн татарын нэр түүхэнд үлдсэн байна. XII зууны үед татарын овог салбар нь асар олон байжээ. Жишээ нь, зөвхөн алчи татар 70 овог (хүрээ) байсан ажээ1. Татар аймгуудын дунд тутукулиут аймаг хамгийн нэр хүндтэй нь байжээ2. Энэ нь татарын дунд ноёлох аймаг бас товойн гарч байсны гэрч мөн. Татарын тутукулиут, алчи, цагаан, куйн, терат, баркуй зэрэг 6 аймгийн зонхилогчид тус тусдаа “шилдэг цэрэг” нөхөдтэй байжээ3. Түүх сударт, ялангуяа хятад сурвалжид дадан улс гэж олонтаа дурдсан байх бөгөөд Ляо улсын түүхэнд Татар улс гэж бичсэн4 байна. Татарын зарим тэргүүн нарын нэр алдрыг Нор-буюрук хан, Ажэхан гэж тэмдэглэн үлдээжээ. Энэ нь татарт X зуунд ханлиг (хан бүхий аймгийн том холбоо) тогтож эхэлсний тэмдэг мөн бололтой. Татарууд Хятан, Алтан хоёр улсын түрэмгийлэлд эрсдэн тэдний хараат болж байжээ. 1005 онд Есөн татараас Хятан улсад алба хүргэж, 1124 онд хятан Елюй Даши-д цагаан татараас дэмжлэг үзүүлж байсан байна. XII зууны эхэн хагаст “Дадан улс”–аас Алтан улсад хоёр удаа хониор алба хүргэсэн байна5. Түүхийн баримтаас үзвэл, 1135-36 оноос эхлэн Хамаг монгол, Алтан хоёр улсын харилцаа хурцадсан6 цагаас хойш татарууд Алтан улсын түлхээсээр монголчуудтай эвдрэлцэж эхэлсэн байна. Татарууд монголыг илэрхий дайсагнасны эхлэл нь Хабул ханы ахмад хүү Охинбархагийг гэнэдүүлэн барьж түүнийг Алтан улсын хаанд хүргүүлэн алуулсан явдал болно7. Тэр явдлыг шалтаг болгож, Хабул ханы хүү Хадаан баатар татарын Матар (буюу Мэнэн) гэдэг ноёнтой хоёр удаа хүчтэй тулалдсан байна. Үүний нэг тулалдаан нь Сангдан гэдэг газар болжээ8. Тэгээд монгол, татарын тулалдаан 9 удаад хүрсэн гэж Рашид-ад-Дин бичжээ9. Татарууд бас Хабул ханы хүү Хадаан баатрыг барьж, Алтан улсад хүргүүлж алуулсан учраас (Хабул ханы хатны дүү) Сайн-тэгин, Хадаан баатрын төлөөнөө татаруудтай олон удаа байлдсан байна1. Монголын Сайн-тэгиний өвчнийг аргалуулсан татарын Чаркил-Нудуй нэрт зайранг Сайн-тэгиний ах дүү нар алснаас болж татар, монголчууд хоорондоо олон удаа дайлалдан байлджээ. 1162 оноос өмнөхөн Хамаг монголын хаан Амбагай ургийн хэргээр очиход нь татарууд түүнийг гэнэдүүлэн барьж, мөн л Алтан улсад хүргүүлж модон илжигт хадуулан алуулсан тухайд Хамаг монгол улс татаруудыг олон удаа довтлон байлджээ. Монгол татарын байлдаанд монголчууд ихэвчлэн ялж байжээ. XII зууны хоёрдугаар хагасын эхэнд татарууд засаг захиргааны талаар бутархай болсон байжээ. Татарууд Алтан улсыг эсэргүүцэх, монголчуудыг довтлох, монголчуудын довтолгоог эсэргүүцэх дайн тэмцлийн үед түр нэгдэж байсан бөгөөд тийм байлдаан тулалдааныг татарын Котол-Барха, Жили-Буха, Тэмүжин-үгэ, Хори-Буха нар удирдан байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Монгол татарын зөрчил тэмцлийг түүхчид зөвхөн овог аймгийн өшөө атаархлын илэрхийлэл гэж үзсээр ирсэн нь учир дутагдалтай ажээ. Түүнд эдийн засаг, улс төрийн учир шалтгаан байсан бололтой. Татарын нутаг тухайлбал, Хөлөн, Буйр хоёр нуур орчмын нутаг нь мал адуулан өсгөхөд маш зохистой бэлчээртэй билээ. Тэр сайхан бэлчээрийг монголчууд эзлэхийн төлөө эрмэлзлээс дээр дурдсан тэмцэл тулааны нэлээд хэсэг нь үүссэн бололтой. Хамаг монгол улс, хэрэйд, мэргид зэрэг аймгуудын дорно зүгтэй харилцах зам дээр нь татарууд хөндөлдөн суусан байдал нь хятадын хойд нутаг Дун-бэйд байгуулагдсан улсуудаас татаруудыг бусад монгол аймгуудын эсрэг харгалдуулан тавихад нь газар зүй, эдийн засаг, улс төрийн талаар дөхөм болжээ. Татарууд Алтан улсын харъяалалд байхдаа, Хянган давааны хил хязгаарыг сахиж байв. Татарчууд Хамаг монгол улс, Хэрэйд, Найман шиг нэгдмэл хүчирхэг ханлиг, холбоо болж хараахан чадахгүй тархай бутархайдуу байдалтай байсаар эцэс болсон юм. Гэхдээ татар нь монголын нэгэн хүчирхэг аймаг байсаар иржээ.