Дээд»Монголын түүх»Семинар-6 Мэргид болон бусад аймаг»

Семинар-6 Мэргид болон бусад аймаг


Бусад монгол аймгууд, аймгийн холбоод
 

      XII зууны үед монгол нутагт дээр дурдсан Хамаг монгол улс, Татар, Хэрэйд зэрэг ханлигууд байснаас гадна тэдний мэдэл захиргаанд ороогүй, тусгаар овог аймаг нэлээд байжээ.

      Тэдгээрийн зарим нь хэд хэдэн аймгаар бүрэлдэн тогтсон аймгийн холбоод байсан ба зарим нь аймгийн холбоонд нэгдэж байгаад задарсан буюу ганцхан аймаг төдийгөөс хэтрэхгүй нэгжүүд байжээ.

      Мэргид аймгийн нэр анх 1096 онд Ляо улсын түүхэнд “мэйличи”2 гэдэг хятад дүрс үсгээр тэмдэглэгджээ. Энэ нь мэргид гэсэн үг юм. Мэргид нь монгол хэлтэн аймаг мөн. Мэргидүүд гурван гол овгоос бүрэлдсэн тул гурван мэргид гэдэг мэргид аймаг нэг хэсэгтээ хятан улсын харъяанд байсан Зу-бу 18 аймгийн тоонд орж байжээ.

      Мэргидүүд хятан улсын ноёрхлыг эрэлхэг зоригтойгоор эсэргүүцэн тэмцэж байжээ3.

      Эрт цагт гурван мэргид тус тусдаа бас хэд хэдэн аймагт хуваагдаж байжээ. Жишээ нь: Рашид-ад-Дин тодорхойлсноор, удуйд-мэргидийг уйкур, мудан, тудаклин, жиюн гэж дөрөв хуваадаг байжээ4.

 Гурван мэргидийн нутаг эртнээс Орхон мөрний адаг Сэлэнгэ мөрний дундуур байсан байна. Орхон голын адгаар Буур-хээрт1 удуйд-мэргид, Орхон, Сэлэнгийн бэлчир Талхун арлаар2 увас-мэргид, Сэлэнгийн Каражи-хээрээр3 хаад-мэргид тус тус төвлөн нутаглаж байжээ4. Мэргидүүд голдуу мал аж ахуй эрхэлж байсан бөгөөд харин Юан ши”-д мэргидүүд тариалан эрхэлж байсан гэж тэмдэглэсэн байна. Гэвч мэргидийн зарим хэсэг нь бага зэрэг тариалан эрхэлдэг байсан бололтой.

 

      XII зууны үед хаад-мэргид гэдэг нэртэй аймаг байх болсныг бодоход, мэргидийн дунд ноёлох (хаанчлах) аймаг нилээд дээр үед ялгаран гарч, овгийн байгуулал задран байсны шинж мөн гэлтэй.

      Тэр ч байтугай мэргид гэдэг улс байсан хэмээн “Судрын чуулган”-д дурдсан байдгаас үзвэл, тэр нь эрхбиш тэр “хаад” (олон хаан) гэсэн нэрд холбогдож болох тул мэргид урьд ханлиг байгуулж гурван гарт хуваагдаж яваад хожим задарч, түүний захиргааны хуваарийн нэр нь гурван мэргид болон үлдсэн байж таарч байна.

      XII зууны үед гурван мэргидийг удуйд-мэргид нь тэргүүлж байсан бөгөөд удуйд аймаг нь хүн ам олонтой, дайчин эрэлхэг цэрэг ангитай байжээ6. XII зууны үед удуйд-мэргидийг Тудур-Билгэ чигин толгойлж байжээ7. Түүний цэрэг анги баруун жигүүр, зүүн жигүүр, төв гэдэг гурван хэсэгт хуваагдаж байснаас гадна Тудур-Билгэ чигин, түүний хүү Тогтоа бэхи нар хишигтэн цэрэгтэй байсан байна8.

      Мэргид, Төв монгол хоёр эрт үеэс найртай явжээ. Жишээ нь мэргидийн тэргүүн Тудур-Билгэ, Амбагай хааны хүү Хадан тайштай анд явсан байна9. Гэвч тэдний харилцаа найрамдал нь XII зууны дундаас муудаж эвдрэлцэн хямралдаж эхэлсэн байх юм.

      Хамаг монгол улс нь XII зууны II хагасын эхэнд мэргид аймгуудтай хоёр удаа байлдсан хэмээн сурвалжид гардаг. Тэр хоёр удаагийн дайн нь хоорондоо гурван жилийн зайтай болжээ. Хадаан тайш мэргид аймгийн Тудур-Билгэ анддаа нэгдье гэж элч нарыг илгээхэд, Тудур-Билгэ чигин монголын элч нарт “Хадаан андын ганц нүдийн нь сохолъё гэж хутгаа билүүдэж байна” гэв гэсэн домог байдаг. Хадаан тайш элч нараас Тудурын үгийг сонсоод “Хатуу үг эвдрэлийн эх болно! Одоо хүртэл бид дайтах гээгүй юмсан. Тэд эхийг тавилаа!” гэж баруун гараас хүн томилон, Хотула-д хэл өгүүлж, Зүүн гараас хүн гаргаж худ Аригчинэ-д зар хүргүүлжээ. Хамаг монголын хан гурван өдрийн дотор цэргийг засацгаан мордуулж, Тудур-Билгэ чигинийг барин алжээ. Түүний хүү Тогтоа 9 шархтаж, эцгийн баруун жигүүрийн цэргийн хамт зугадаж, мэргидийн зүүн жигүүрийн цэргийг монголчууд олзлон авчээ

 

      Гурван жилийн дараа мэргидийн Тогтоа цэрэг эрээ засацгаан: “монголчууд тулалдах газар, байлдах өдөр ямагт болзож дайлалддагсан. Бид одоо тэр ёсоор байлдъя” гэж Хадаан тайшид элч нарыг явуулжээ. Хадаан тайш нэрд гарсан бүх ноёдыг хуралдуулан, хурилдайн ноёдыг мэргидийн элч нарт хариу өгсүгэй гэж хэд шаардахад хэн ч дуу гарсангүй.

      Тайчуудын Адал хан: “Хадаан тайш чи яагаад хариу хэлэхгүй бусдад даалгаж байна” гэсний дараа, ургудайн Бардай-сэцэн: “Аа зусарч... чи ах нар, ихэст даалгаж, сайн язгууртаа харуулах гээ юу, сайхан тусгүй үгэнд юун утга байх… дайсныг дарах тухай хэлэлцвэл зохино” гэж Хадаан тайшийг зэмлэн хэлжээ.

      Хадаан тайш тэр хатуу үгийг сонсоод Тогтоатай байлдах хариуг мэргидийн элч нарт өгч буцаажээ. Мэргид гурван гараар довтлоход Хадаан тайш тосон байлджээ. Тогтоа шархтаж, баруун гарын цэргийн хамт Сэлэнгэ өгсөн оджээ. Хадаан тайш мэргидийн зүүн гарын ба төвийн цэрэг ангийг олзлон авчээ.

      XII зууны сүүлчийн хагаст, гурван мэргид тус тусдаа тэргүүлэгчидтэй байсан боловч Тогтоа тэдний дунд тэргүүлэн ноёрхож байсан нь хожуухан үеийн XIII зууны эхний явдлаас мэдэгдэж байна. Гурван мэргид XIII зууны эхэн хүртэл тусгаар байсан байна.

      Онгуд. “Судрын чуулган”-д олон хүн ам бүхий Онгуд улс байсан гэж тэмдэглэсэн байна.

      Онгуд нь угаасаа цагаан татаруудын нэг хэсэг аймаг байсан ажээ. Алтан улсын үед Цагаан хэрэмийн дагуу нутаглаж тэд хэрэмийн нэгэн хэсэг сүв боомтыг манаж байх албыг Алтан улсад хаах болсон байжээ. Тийм учраас XII зууны эхэн үед онгуд аймгуудыг Алтан улсын цэрэг ангийн тоонд оролцуулж байсан үзэгдэнэ. XII зууны үед Бинуй гэдэг ноён онгудыг тэргүүлж байсан ба түүнийг нас нөгчсөний дараагаар, Бинуйн хүү Шенгүйг Алтан улс барьцаа болгон аваачжээ. XII зууны хоёрдугаар хагаст онгудыг Алакуш-тэгин нэрт ноён захиран байжээ. Онгуд нар бусад монголын зарим аймагтаа харилцаа холбоотой байжээ. Жишээ нь: найманы хан, онгудын эзний охиныг хатан болгон буулгаж ургийн холбоо байгуулан, Байтарак (одоогийн Байдраг голын) бэлчирт хуримлаж байсан мэдээ байдаг. “Монголын нууц товчоо” болон “Судрын чуулган”-ы мэдээгээр үзвэл, тухайн үед онгудын өрхийн тоо 4000-5000-ын хооронд байжээ. Тэд голдуу мал аж ахуй эрхлэж бас газар тариалан эрхэлдэг байжээ.

      XII зууны эцэс, XIII зууны эхээр найманы хан онгудыг холбоотон “баруун гар” гэж үзэж байсан байна1. Ерөнхийдөө онгуд нар хэдийгээр хятадад их ойрхон боловч хэзээд монголчуудын талд байдаг байжээ.

      Баяд. Баяд буюу Баягуд аймгийн нэр 606 онд түүхэн тэмдэглэлд, Ба-е-гу хэмээн тэмдэглэгдэж эхэлжээ. 706 онд болсон хэрэг явдалтай холбогдон, Иир-Байирку гэж Орхон-түрэгийн бичээсэнд бичигдсэн байна. “Монголын нууц товчоо”-нд Малиг баяуд гэж гардаг.

 

      VI-VIII зууны үед Баядууд Хөлөн, Буйр нуур хавиар нутаглаж байжээ. Тэр цагт тэд агт морьд сайтай, төмөрлөг эдлэл сүрхий сайн боловсруулдаг байсан бололтой байдаг. VIII-X зуунд баяд нь олон салбартай, хүн ам олонтой байсан боловч тухайн үед нэгдмэл хүч хараахан олж чадаагүй байжээ.

      X-XII зууны үеийн үйл явдалтай холбогдон, баядын нэр “Нууц товчоо”, “Судрын чуулган”-нд гарч байна. Тэдний эртний нутаг нь Сэлэнгэ, Туул голоос Эргүнэ мөрөн, Цагаан хэрэм хүртэл байсан нь тодорхой байна.

      Зарим сурвалжийн мэдээгээр, тэр үед Сэлэнгэ мөрний сав дагуу одоогийн Хиагт, Бүрэн хан уул хавиар нутагладаг баядуудыг Хээрийн баядууд, Сэлэнгийн зөв гарын нэгэн цутгалан “Жид” голоор нутаглагсдыг Жидийн баяд гэж нэрлэж байжээ. Бас баяд-дуклад, баяд-горлос, чаншиуд-баяд, баяд-хиад нэртэй аймгууд байсан бөгөөд тэд гол төлөв Бурхан Халдун уул, Хөлөн Буйр нуур хавиар нутаглаж байжээ.

      Ойрад. Эртнээс Енисей мөрний эх Кем (секиз мөрөн хэмээх Найман мөрөн) газарт нутагшин сууж байсан томоохон аймгийн холбоо юм.

      Ойрад аймгууд эрт цагт хүн ам олонтой, салаа салбар үлэмж байсан ба тэдгээр салбар нь тус тусдаа нэртэй, тодорхой газар нутагт хуваагдан сууж байсан гэх боловч тэр талаар тодорхой мэдээ нь судар түүхэнд үлдээгүй байна.

 

      Ойрад бол эртнээс жинхэнэ ойн иргэн байж ан агнаж, загас барин амьдарч байжээ. Ойрад аймаг аажмаар ой тайгаас гарч мал аж ахуй эрхлэх болжээ. Мал аж ахуй эрхлэх болсон нь баруун тийш Алтай уулсад нүүж очсны үеэс эхэлсэн бололтой байдаг. XIII зууны эхнээс ойрадын түүх нэн тодорхой болсон ажээ. Сүүлдээ Дөрвөн Ойрад хэмээгдэн түүхэнд тодорсон ажээ.

      Хонгирад. Анх Хятан улсын үед түүхэнд Уан-ги-ла (унгира) гэж тэмдэглэгдсэн байна. Тэр цагт хүчирхэг нүүдэлчин гэгдэж дөрвөн овгоос бүрэлдэж явжээ.

      Хятан улсын үед монгол нутгийн өмнөд ба баруун хэсэгт байсан зу-бу 18 аймгийн нэг нь хонгирад байсан бөгөөд 1124 онд Жэнжэү (Чин-толгой) хотод зу-бу 18 аймгийн тэргүүдийг Елюй Даши хуралдуулахад хонгирадын тэргүүлэгч нь оролцсон мэдээ бий.

      Тэд XII зууны эхэнд, Цагаан хэрмээс хойш нутаглаж байсан ба XII зууны 2-р хагаст буюу 1170-1200-гаад онд Халх голоор нутаглаж байсан байна. Хонгирад өөрсдийгөө бусдын нутгийг булаан тэмцэлддэггүй, Хацар гоо хатадтай, өнгө сайн охидтой гэж сайрхдаг байжээ1.

      Хонгирад иргэнээс олхунуд, ихирас, харануд, кунклиуд салбарлан гарсан гэдэг2.

      Олхунуд. Хонгирад иргэнээс эрт цагт салбарласныг дээр дурдсан билээ. Энэ аймгийн нэрийг хятадын түүхэнд V зууны үед улохоу, VII зууны үед улохунь, X зууны үед олгу (огу) гэж тус тус тэмдэглэж иржээ.

      Кидан улс олхунудыг X зууны эхээр эзэлж, 919 онд түлү, нари, аргуй хэмээх гурван аймагт хуваасан гэнэ

 

      Ойн урианхай. Урианхай аймаг маш эртний түүхтэй. Харин ойн урианхай бол хожим мэдэгдсэн. X-XIII зууны үед Урианхай нарыг Бурхан Халдун хавийн буюу талын урианхай, Байгал нуур, Баргужин төхөм хавиар нутагтай ойн урианхай гэж ангилан ялгаж байжээ.

      X зууны эхэнд хятад сурвалжид баруун хойд урианхай гэж тэмдэглэсэн нь Ойн урианхайг хэлж байна.

      Ойн урианхайчууд XII-XIII зууны үед Баргужин-Төхөмд нутаглаж байсан4 хэмээн “Судрын чуулган”-д тодорхой бичсэн байдаг. Ойн урианхай нар аж амьдралаа ан хийж, загас барьж залгуулж байжээ.

      Барга аймаг. Барга буюу Баргуд аймагт кори (хори), тулас, тумат (түмэд) аймгууд багтаж байжээ. Дээр дурдсан аймгууд тэр цагийн монголын бусад аймгийг бодвол, монголын төв нутгаас хол зэлүүд нутагт байж, монголын төвд болсон нийгмийн аливаа үйл хэрэгт татагдан орох нь ховор байсан учраас тэдний үндсэн нутаг Баргужин-Төхөм ба түүний хавилцаа байх нутгийнхан нь тэр цагтаа зэлүүд хязгаар байсан байна.

      Баргуд, хори, тулас аймаг харилцан ойр төслөг байсан ба нутаг нь ч Сэлэнгийн солгой этгээдэд Баргужин-Төхөмд хамт байжээ. Эдгээр аймаг ойрад, ойн урианхад ба булгачин, хэрэмчин аймгуудтай айл хөрш байжээ.

      Баргуд аймаг, монголчууд ба элжигин аймгуудтай ургийн холбоотой, худ худгүй байсан байна. Жишээ нь: Хабул ханы хүү Бартан баатрын авааль хатан Сунигул фүжин нь баргуд аймгийн хүн байжээ.

      Түмэд аймаг баргудаас салбарлан гарч Баргужин-Төхөмд ойролцоо нутагтай байжээ. Түмэд эрт цагт Секиз (Найман) мөрөнд нутаглаж байсан ба тэд хэзээнээс нааш киргиз аймгуудтай айл хөрш суужээ.

      Түмэд маш дайчин эрэлхэг тул тэднийг цэрэг сайтай гэж түүхэнд тэмдэглэсэн байна. Баргуд аймгуудын нийгэм эдийн засгийн тухай мэдээ байхгүй. Гэвч тэдний нийгмийн хөгжил нь ойн урианхадаас арай доогуур булгачин, хэрэмчин аймгуудаас арай дээгүүр шатанд байсан бололтой.

      Ойн иргэд. XII зууны үед ойн иргэд хоёр төрөл байжээ. Киргиз, Кэм-кэмчиг аймгуудтай зах нийлэн ой тайгад байнга оршин суугчдыг ойн иргэд гэсэн байна. Ой тайга бүхий газар буюу ой тайга завсардсан нутагт угаас нутагшин суусан, хожим тэнд очиж идээшил олсон аймгуудыг мөн ойн иргэд гэж байжээ.

      Жинхэнэ ойн иргэд бол урасуд, тэлэгүд, куштеми аймгууд болно. Эдний аж байдал, аж ахуйн тухай мэдээ байхгүй, тэд монгол эм сайн мэддэг, монголоор сайн эмнэдэг гэсэн товч мэдээнээс үзэхэд монгол аймгуудтай нягт холбоотой байжээ.

      Бас Ойн иргэдэд холбогдож болох булгачин, хэрэмчин аймгууд Баргужин-Төхөм ба Киргизтэй хил залгасан хязгаарт байжээ. Мөн Хилга мөрөнд загасчин, хэрэмчин, гөрүүлчин бүлэг цөлөг иргэд XII зууны сүүлчээр нутаглаж байжээ.